Банжиг мэдээ булан 2-р сарын дунд үеэс иргэний сэтгүүлзүйг дэмжин ажиллаж эхэлсэн билээ.
Иргэний сэтгүүлзүй гэдэг нь өөрөө биеэ даасан бөгөөд хэн нэгний захиалгат бус байдгаараа бусад мэдээ мэдээллийн төрлөөс ялгардаг.
Нэг ёсондоо та өөртөө байгаа ямарваа төрлийн мэдээллээ хэн нэгний эрх ашигт нийцүүлэхгүйгээр бусад хүмүүст хүргэж байгаа хэрэг юм.
Мэдээ мэдээлэл нь өөрөө маш өргөн хүрээнд хэрэглэгддэг болсон тул Банжиг мэдээ булан нь өөрийн сонирхдог чиглэлийн мэдээллээ бусадтай хуваалцаж, мөн бусдаас мэдээллийг хүлээн авч байх харилцан уялдаатай систем болж байгаа юм.
Та мэдээ илгээхдээ news.banjig.net хаягаар орж, мэдээ илгээх гэсэн хэсгээр дамжиж мэдээ илгээнэ.
Та мэдээгээ илгээхдээ дараахи үндсэн 4-н ангиллаар явуулахад болно.
- Мэдээ
- Фото мэдээ
- Сурвалжлага
- Блог индэр
Мэдээ:
Мэдээ нь цаг үеийн болон бусдад хэрэгтэй гэсэн ерөнхий хоёр төлвөөс бүрдэнэ.
Та өөрийн сонирхдог Хөлбөмбөгийн багийг тойрсон мэдээллийг хүргэхэд энэ мэдээ болж чадна.
Болох гэж буй жүжгийн тухай мэдээг ч та бусдад хүргэж чадна.
Анхаарах зүйл:
Таны явуулж буй мэдээ нийтэд хэрэгцээтэй бол нийтлэгдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Мөн мэдээний агуулга бүрэн илэрхийлэгдэж байгаа эсэхийг хянаарай.
Жишээ болгож бидэнд ирсэн боловч нийтлэгдээгүй нэгэн мэдээг танилцуулая.
Монгол Улсын шинэ бүтээл "Барыс-96" Усан халаалтын тогоо
"Барыс-96" маркийн усан халаалтын тогоо нь Монгол Улсад зуух үйлдвэрлэлийн түүхий явцад гарсан дэвшилт технологи бүхий анх удаа шинээр санаачлан бүтээсэн тоног төхөөрөмж юм. Давуу тал нь: - түлш шатах хөндий нь давхраат шаталттай, түлшний хаягдалгүй. - түлшний хэмнэлттэй.......... дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл doska_s@yahoo.com хаягт майл бичээрэй.
Энэ мэдээг нийтлэх гэхэд тодорхой нэмэлт мэдээлэл байхгүй буюу бусдад яг мэдээлэл болох хэсэг нь хаалттай орхигдсон байгаагаас нийтлэх боломжгүй болж байгаа юм.
Фото мэдээ:
Та өөртөө таалагдсан болон тааралдсан зүйлс үзэдлийг өөрийн гар утас, аппарат зэрэг аль ч хэрэгслээр баримтжуулж авсанаа тайлбарын хамтаар илгээж болно.
Анхаарах зүйл:
Тодорхой нэг агуулгыг барьсан байх нь зүйтэй.
Сэдвийн хувьд нээлттэй.
Сурвалжлага:
Та магадгүй хэн нэгэн алдартай хүн, эсвэл бусадтай хуваалцахуйц мэдээлэлтэй хүнтэй ярилцах боломж тохиосон бол та энэхүү ярилцлагаа банжиг мэдээ булан илгээж болно.
Анхаарах зүйл:
Та тухайн хүнтэй ярилцсан яриагаа харилцан яриа, асуулт хариулт хэлбэрт буулгаж явуулаарай.
Блог индэр:
Таны үзэл бодлын чөлөөт индэр. Та өөрийн бодож буй аль ч сэдвийн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт салбар байх болно.
Та илгээ бид нийтлэе.
Анхаарах зүйл:
Та явуулж буй нийтлэл эргэцүүллээ, утга найруулга, үг үсгийн хувьд тодорхой хэмжээнд алдаагүй бичиж илгээхийг хичээгээрэй.
Үүнээс гадна одоогоор тодорхой олон тооны мэдээ илгээгч байгаа бөгөөд олон төрлийн мэдээллүүд ирж байгаа.
Үүнд зарим нэгэн төрлийн мэдээ ирсэн боловч хянасны эцэст нийтлээгүй болохыг та бүхэн анхаарна уу.
Үүнд:
-Шашны номлолын ишлэл
-Өдрийн тэмдэглэлийн хэсэг
-Варез мэдээ
-Бараа зарах зар
-Бусдаас хуулбарласан мэдээлэл зэрэг болно.
Та мэдээ илгээхдээ дээрхи төрлийн мэдээллийг аль болох явуулахгүй байж, бидний ажлыг хөнгөвчилнө гэж найдаж байна.
Эцэст нь хэлэхэд та мэдээ явуулахдаа мэргэжлийн байх шаардлагагүй шүү.
Хамгийн энгийн байх тусмаа бусдад ойлгомжтой байна шүү дээ.
Ингээд бүгдээрээ иргэний сэтгүүлзүйг Монголд хамтран хөгжүүлцгээе.

Сэтгэгдэлүүд:
Банжигийн зүгээс попапреклам байрлуулаагүй байгаа.
нэг юм байна
Сүүлийн үед банжиг маань их л гацаж байна даа
Харин шашны номлол сургаалийг нийтлэхгүй юм.
Сэтгэгдэл үлдээх: